Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл
Дэнжийн мянгын Цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу “шонхрууд” бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бөхтэйг нь яана. Эхнээсээ авахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй! Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн. 1999 он. Хавар зуны зааг дээр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлонг хамтад нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярласан ээж, төрөхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм шиг. Чухам миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн. Уйлж сэрлээ. Хар дарсан юм байх. Ээжээ гээд дуудахад амнаас уур гарч байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хувцаслав. Цаг яг өглөөний долоо болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш бас манай ангийн багш. Даарч хоносноос болоод бага зэргийн халуунтай, хоолой загатнаад ханиалгамаар байсан ч тэвчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэж. Энд тэнд хагархай шилний хэлтэрхий, гишгэчихгүй юмсан гээд өлмий дээрээ гэтэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаа ч үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анихад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хөлдөх шахна. Хэдэн давхар хувцас өмсдөг байсан юм мэдэхгүй. Пөөнийсөн юм хөдөлж дийлэхгүй “үүрүүлье” гээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээ бууна гэж үгүй. Хэдий ингэж эрхлэдэг ч хэзээ ч идэх юм нэхэж байсангүй. Дөрвөн настай надад “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлдэг ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүүр лүү өрөвдсөн харцаар удаан гэгч нь дагуулан харна. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч түүнээс юу ч асуудаггүй байсан. Юу болсон нь, юу болдог нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөр шигээ л боддог байлаа. Бүх аавууд ээж нарыг зодож, өглөө сэрэхэд нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай хоёр зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн үүдээр орж ирэхээсээ өмнө хойш эргэн хараад гараа даллан “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй. Ангийнхан авч ирсэн чихрээсээ багшдаа амсуулах гээд яарна. “Баярлалаа” гэж хэлээд өгсөн чихрийг нь гялс миний гарт атгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гээд бөөн юм болох учраас сэмээрхэн ор хөнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арагш харан зогсоод амтархан идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдээрээ л хэлчихдэг байж билээ. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охидын багадсан хувцасыг л өмсдөг. Надад ямар ч барби хүүхэлдэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлагын цагаар бүх хүүхдүүдийг унтсаны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саатай гутлуудыг өмсөж үзэхийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босож байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр өөр гутал өмсөн толинд харна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж, аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нэлээд оройтож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм түгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгээнэ. Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тэндэхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс “Ягаан дэлгүүр” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсэхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа түлчихсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас зургаан насаар дээгүүр ах бий. Хэрэв над шиг ингээд бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сэм хартал ах уйлчихсан, аав орон дээр сууж байлаа. Тасраад уначихсан бол гэж дотроо зүхнэ. Архи уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгис авирладаг. Эрүүл биш хэрнээ бүр согтуу ч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудна. Гэвч энэ тийм ч сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шөнө түүнээс холдуулж чадна. Харин тэр шөнө нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөөнө. Эрүүл болчихсон гээд гэр лүү нь явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл ууна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж.





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна